Ойрын зайд хаашаа аялж болох вэ?
- Нүүр хуудас
- Блог
- Ойрын зайд хаашаа аялж болох вэ?
Хан Хужирт цогцолбор нь нийслэл хотоос 390 км зайд оршдог бөгөөд хотоос ирэх замд болон цогцолборыг дайран өнгөрөх чиглэлүүдэд алдартай дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий хэсгүүд цөөнгүй байдаг билээ. Энэхүү нийтлэлээр та бүхэнд цогцолбороос ойрхон байрлалтай аялж болох газруудын мэдээллээс товч хүргэж байна.
Ойрын зайд хаашаа аялж болох вэ?
Амралт, аялалыг яаж гоё хослуулах вэ? асуултуудынхаа хариултыг олж авцгаая!
1. ЭЛСЭН ТАСАРХАЙ
Энэхүү байгалийн өвөрмөц тогтоц бүхий хэсэг бол 80 километр орчим урт үргэлжлэх элсэн манхан юм. Төв зам уг элсэн манханг хувааж байрласнаар өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэсэн гэдэг. Тарны голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургасан байх нь сэтгэл булаам байдаг билээ.
Энэхүү үзэсгэлэнт тогтоц нь УБ хотоос 220 км ба тэмээ унуулах зэрэг нэмэлт үйлчилгээнүүд хүрч эхэлдэг тул Хан Хужирт цогцолбор луу зорин ирэх замдаа дайран буудаллах, элсэн дээр очиж хүүхдүүдтэйгээ тоглож нарлаад цааш хөдлөх боломжтой хэсэг байдаг.
2. ЭРДЭНЭ ЗУУ ХИЙД
Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийд бол дотоодын төдийгүй гадаадын жуулчдын зорих ирэх гол цэгүүдийн нэг юм. Хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр гэдэг.
Сүмийн хойморьт бурхан багшийн өмнөх дүр Одсэр, одоогийн бурхан багш Шагжамуни, ирээдүйн дүр Майдар бурхны өтөл дүрүүд заларсан байх ба Сүмийн баруун талын хананд Богд Зонховыг шавь нарын хамт, зүүн талын хананд Бурхан багшийг шавь нарынх нь хамт дүрсэлсний зэрэгцээ өөр үлэмж их агуулга, бүтээлүүд тэнд буй.
Иймийн учир Эрдэнэ Зуу хийдийг зорих аваас мэргэжлийн тайлбарлагчтай нь цуг үзвэл юм үзсэн болдог юм шүү гэдгийг энд цохон тэмдэглэхийг хүсч байна. Эрдэнэ Зуу хийд нь Хан Хужирт цогцолбороос 51 км зайд оршино.
3. ТӨВХӨН ХИЙД
Хан Хужирт цогцолбороос баруун хойш 40 км зайд орших, Монголын Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг бол Төвхөн хийд юм. Энэхүү хийд орчмын газар зүйн онцлог нь далайн түвшнээс дээш 2,600 метр өргөгдсөн Ширээт Улаан уулын оройд, ой модоор хүрээлэгдсэн аглаг ойн байц хадтай бяцхан дэвсгийн онцгой тогтоц бүхий хэмээдэг.
Түүнчлэн Анхдугаар Богд өндөр гэгээн ЗанаБазар уг хийдэд сууж байхдаа соёмбо үсгийг зохиосон гэдэг төдийгүй Өндөр гэгээний монгол гутлын мөр (38 сантиметр), гарын алганы мөр үлдсэн хэмээдэг. Энэ мэтчилэн өөр бусад гайхал төрөм зүйлс төвхөн хийдэд үй олон байдаг гэдгийг энд тэмдэглэх байна.
Хан Хужиртын амрагчид маань өглөөдөө зорьж гараад, оройдоо буцан ирэх бүрэн боломжтой байдаг.
4. УЛААН ЦУТГАЛАН
Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм.
Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэсэн тул тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг бий болгосон гэдэг.
Хан Хужирт цогцолбороос 50 гаруй км замыг туулж Улаан цутгаланд хүрнэ.
5. ХҮЙСИЙН НАЙМАН НУУР
Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай.
Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ойтой. Харин хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг.
Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байх ба 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгдсэн гэдэг.
6. САНГИЙН ДАЛАЙ НУУР
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт байрлах уг нуур нь Хан Хужирт цогцолбороос 61 км, нийслэл хотоос 370 км зайд оршдог.
Нуурын өргөн нь 1.5 км, урт нь 2.2 км, эргийн шугамын урт 6.2 км, гадагш урсгалтай ба Зэгэстэйн гол урсаж Сарын голтой нийлээд Орхон голд цутгадаг байна.
Тус нуурын хунгийн чуулганыг үзэж гэж гадна, дотнын олон жуулчид ирдэг бөгөөд хун төдийгүй ангир, бор галуу цуглан чуулдаг үзэсгэлэнт газарт гэдэг.
7. ШУРАНГИЙН УЛААН ЦОХИО
Найман нуур тийш явах чиглэлд буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын төвөөс баруун хойш 25 км орчим яваад Шурангийн цохио бий. Энэ нь 28 метр өндөртэй хадан цохио бөгөөд цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий.
Цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд хүсэл биелэнэ хэмээдэг тул зорин ирэгсэд цохиог давуулан чулуу шидэх оролдлогыг хийж үздэг байна. Юмыг яаж мэдхэв? Та ч бас шидээд үзэж болно шүү дээ.
Ийнхүү Хан хужирт цогцолборыг зорьсноор та алжаал тайлах тухлаг орчинд амарч сувилуулахын зэрэгцээ, аялаж зугаалах хэрэгцээгээ ч хангах бүрэн боломжтой юм.
Хан Хужирт цогцолбор
Захиалга, мэдээллийн утас: 7718-8888 | 24/7